Олон нийтийн дагаж мөрдөх хэм хэмжээ
Оршил
Энэхүү хэм хэмжээг манай хэрэглэгч, олон нийтээс өгсөн санал хүсэлт, технологи, олон нийтийн аюулгүй байдал, хүний эрх зэрэг салбарын мэргэжилтнүүдийн зөвлөгөөнд үндэслэн боловсруулсан. Хүн бүрийн дуу хоолойг баттай хүргэж байхын тулд бид олон янзын үзэл бодол, итгэл, ялангуяа аливаа байдлаар үл тоомсорлогдож, гадуурхагдаж болзошгүй хүмүүс, бүлэг хүмүүсийг хамарсан стандартыг боловсруулахад ихээхэн анхаарал хандуулж байна.
Хүмүүс өдөр тутамдаа Facebook, Instagram, Messenger, Threads-ээр дамжуулан өөрт тохиолдсон үйл явдлаа бусдад түгээж, гэр бүлийнхэн, найз нөхөдтэйгөө холбоотой байж, олон нийтийн хүрээллийг бий болгож байдаг. Манай үйлчилгээ хэдэн тэрбум хүнд улс, соёлоор дамжин хэдэн арван хэлээр өөрийгөө чөлөөтэй илэрхийлэхэд тусалдаг.
Facebook, Instagram, Messenger, Threads нь харилцаа холбоотой байхын хүчирхэг талыг мэдэрдэг газар байх нь хүмүүст хэр чухал болохыг Meta сайтар мэдэх бөгөөд манай үйлчилгээг зүй бусаар ашиглахаас сэргийлэх үүргийг хүлээдэг. Тиймээс ч бид эдгээр үйлчилгээнд юуг зөвшөөрөх, үл зөвшөөрөхийг заасан стандартыг боловсруулсан юм.
Олон нийтийн дагаж мөрдөх хэм хэмжээний АНУ-ын англи хэл дээрх хувилбар бол багц бодлогын хамгийн сүүлийн хувилбар учир үндсэн бичиг баримт болгон баримтлахыг анхаарна уу.
Дуу хоолойг хүргэх амлалт
Өөрийгөө илэрхийлэх талбар байх, хүмүүст дуу хоолойгоо бусдад хүргэх боломжийг өгөх нь Манай Олон нийтийн дагаж мөрдөх хэм хэмжээний зорилго юм. Meta-гийн зүгээс, зарим хүмүүс санал эс нийлж, эсэргүүцэж байсан ч хүмүүс өөрийн хувьд чухал асуудлын талаар бичгээр сэтгэгдлээ илэрхийлэх, зураг, дуу хөгжим, аливаа урлагийн бүтээл хэлбэрээр илэн далангүй ярилцах боломжтой байгаасай хэмээн хүсдэг. Зарим тохиолдолд тухайн контент хэвлэл мэдээллийн шинжтэй, олон нийтийн сонирхолд нийцэж байгаа бол манай Олон нийтийн дагаж мөрдөх хэм хэмжээг зөрчсөн ч бид үүнийг зөвшөөрдөг. Бид зөвхөн олон нийтийн ашиг сонирхлын үнэ цэнийг хохирлын эрсдэлтэй харьцуулж үзсэнийхээ дараа үүнийг хийдэг бөгөөд эдгээр дүгнэлтийг гаргахдаа олон улсын хүний эрхийн хэм хэмжээг авч үзнэ. Бусад тохиолдолд бид хоёрдмол утга санаа эсвэл далд утгатай үг хэллэг ашигласан контентод холбогдох нэмэлт утга санаанаас тухайн контент манай хэм хэмжээг зөрчсөн болох нь ойлгомжтой байвал бид уг контентыг устгаж болно.
Хүмүүсийн үзэл бодлоо илэрхийлэхийг дэмжих тухайд бидний хүлээсэн үүрэг чухал хэдий ч Интернэт орчин зүй бус хэрэглээг бий болгож болзошгүйг бид хүлээн зөвшөөрдөг. Эдгээр шалтгааны улмаас бид илэрхийллийг хязгаарлахдаа дараах шинжийг харгалзан үзнэ:
ҮНЭН БОДИТ БАЙДАЛ
Бид хүмүүст үнэн бодит контентыг харуулахыг эрмэлздэг. Үнэн бодит байх нь мэдээлэл түгээх зохистой орчныг бий болгодог хэмээн бид итгэдэг тул манай үйлчилгээг хэрэглэж буй хүмүүс өөрийн хэн болох, юу хийдгээ худал мэдүүлэхийг хүсэхгүй.
АЮУЛГҮЙ БАЙДАЛ
Бид Facebook, Instagram, Messenger, Threads-г аюулгүй газар байлгахыг зорьдог билээ. Бид бусдын бие махбодод гэмтэл учруулах эрсдэлтэй контентыг устгадаг. Манай үйлчилгээнд бусдыг айлган сүрдүүлэх, гадуурхах, дуугүй болгох гэсэн, хүмүүсийг заналхийлсэн контент нийтлэхийг зөвшөөрдөггүй.
НУУЦЛАЛ
Бид хувийн нууцлал ба мэдээллийг хамгаалах үүрэг хүлээдэг. Нууцлалыг хангаснаар хүмүүст өөрөөрөө байх, манай үйлчилгээнд хэрхэн, хэзээ түгээхээ сонгох, илүү хялбараар бусадтай холбоотой байх эрх чөлөөг олгодог.
НЭР ХҮНД
Бид бүх хүнд нэр хүнд, хүний эрх ижил тэгш гэж үздэг. Хүмүүс бусдын нэр хүндийг хүндэтгэж, бусдыг дарамтлахгүй, гутаан доромжлохгүй гэдэгт бид найдаж байна.
Олон нийтийн дагаж мөрдөх хэм хэмжээ
Манай Олон нийтийн дагаж мөрдөх хэм хэмжээ нь дэлхий дээрх бүх хүнд, бүх төрлийн контент, үүнд хиймэл оюун ухаанаар бүтээсэн контент хамаарна.
Олон нийтийн дагаж мөрдөх хэм хэмжээний заалт бүрд буй “Бодлогын үндэслэл” нь тухайн бодлогын заалтын зорилгыг тодорхойлсон байдаг.
Зөвшөөрөөгүй контент;
Нэмэлт мэдээлэл эсхүл хам сэдэв шаардлагатай контент, анхааруулах дэлгэцтэй эсвэл зөвшөөрөгдсөн боловч 18 нас хүрсэн хүн үзэж болох контент.